11.17

Рахитаас хэрхэн сэргийлэх, хэрхэн эмчлэх вэ?


Рахит өвчин үүсэх үндсэн шалтгаан нь биед витамин Д дутагдах юм. Уул нь байгаль цаанаасаа хүний биемахбод өөрөө витамин Д нийлэгжүүлж чаддаг байхаар бүтээсэн байдаг. Харамсалтай нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг улс үндэстнүүдийн хувьд өвөл, хаврын цагт нарны гэрлийн шууд тусгал буурч, наргүй үеийн үргэлжлэх хугацаа нэмэгддэгийн улмаас биемахбодид шаардлагатай хэмжээний витамин Д үүсч чаддаггүй байна.
 
Энэ байдалд дөнгөж төрсөн, өсөлт эрчимтэй явагддаг нярай, бага насны хүүхдүүд хамгийн их өртдөг. Нэгэн судалгаагаар Лондон хотын хүүхдүүдийн дунд амьдралын боломжоос үл хамаарч рахитын өвчлөл нэмэгдсэн шалтгааныг судалж үзээд Лондон хотын манан нэмэгддэг жилийн үед төрсөн хүүхдүүд илүүтэй өртөж байгааг тогтоосон байдаг.
 
Үүнээс харахад рахитаас сэргийлэхэд нарны гэрэл амин чухал байдаг ажээ. Доорхи дурьдсан хүчин зүйлс бол рахит өвчин үүсэхэд хүргэдэг хамгийн эрсдэлтэй хүчин зүйлсүүд юм. 
 
• Нарны гэрэлд гараад байдаггүй хөхүүл эхийн сүүгээр хооллодог нярай
• Нарны гэрэлд гараад байдаггүй нярай ба хүүхэд
• Нарны гэрэлд хангалттай хэмжээгээр гарч чаддаггүй нярай ба хүүхэд
• Хоол тэжээлд нь витамин Д болон кальци хангалтгүй байдаг нярай ба хүүхэд
 
Тиймээс манай орны хувьд богинохон болдог зуны дэлгэр цагт хүүхдээ нарны гэрэлд тогтмол гаргаж байх нь витамин Д дутагдлаас сэргийлэх байгалиас заяасан хосгүй боломж юм. 
 
Витамин Д нь нарны гэрлийн нөлөөгөөр биед байнга үүсч байхаар заяагдсан тул түүнийг биемахбод нөөцөлддөгүй зохиолдлогоотой болжээ. Тиймээс зун хүүхдээ наранд сайн гаргаад авбал л намар, өвөл, хавар хангалттай витамин Д-тэй болчихно гэж ойлгох нь үнэхээр буруу бөгөөд манай оронд ийм шалтгаанаар намар, өвөл, хаврын цагт витамин Д нөхөж хэрэглээгүйгээс хүүхдүүд рахитаар өвчлөх нь түгээмэл байдаг.
 
Тиймээс нарны гэрлийн тусгал буурч эхэлсэн намар цагаас л хүүхэддээ эмчийн зааврын дагуу өдөр бүр (бүр нэг өдөр ч алгасахгүй), тохирох тунгаар (витамин Д дутагдлаас сэргийлэх тун, рахит өвчнийг эмчлэх тун хоёр өөр гэдгийг санаарай), урт хугацаанд (нарны гэрэл буцаж хангалттай хэмжээнд болтол буюу зун болтол өдөр бүр) витамин Д-ээр баялаг хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж байх хэрэгтэй. 
 
Хэрэв таны хүүхэд рахитаар өвчилсөн бол та ямартай ч хамаг юм өнгөрчөөгүй гэдгийг ойлгож байх хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхдийн яс бүрэн бэхжих буюу 3 наснаас өмнө рахитыг эмчилж чадвал цаашид ясны муруйлт, гажигууд насан туршид хадгалагдаж үлдэхгүй байхаас сэргийлэх, том хэмжээний ясны гажигуудаас сэргийлэх боломж байна гэсэн үг.
 
Рахит өвчний эмчилгээний үндсэн арга зам нь биед дутагдаж байгаа витамин Д болон кальцийг нөхөж өгөх явдал байдаг. Тэгэхдээ цусан дахь витамин Д-ийн түвшинг хянаж хэвийн хэмжээнд хүрч байгаа эсэхийг магадалж байх нь туйлын чухал. Учир нь манай оронд ийм хяналтыг хийгээгүйн улмаас эмчилгээний зорилгоор хэрэглэж байгаа тун багадах, эсвэл буруу витамин Д хэрэглэсэн байх зэргээс хамаарч эмчилгээ үр дүнгүй болох нь бий. 
 
Витамин Д-ийн дутагдлаас сэргийлэхийн тулд хүүхэд өдөрт дунджаар авч байх шаардлагатай нэмэлт витамин Д-ийн хэмжээг улс орон бүрийн судалгааны байгууллагууд өөр өөр тогтоосон байдаг нь тухайн улс, үндэстэн бүрийн онцлог байдлаас шалтгаалж болно, Гэхдээ л таны хүүхдийг рахит өвчнөөс урьдчилан сэргийлэх, рахитаар өвчилсөн бол эмчлэх витамин Д-ийн тун хэмжээг мэргэжлийн хүүхдийн эмч, тусгай шинжилгээнүүдэд үндэслэн тогтоодог болохыг анхаараарай. Учир нь та өөрийн ажил, мэргэжилдээ гаргуун сайн байдаг шиг тэд ч үүнд хэдэн жилийн турш суралцаж мэргэжсэн шүү дээ...
 
Нарны гэрлийн шууд нөлөөгөөр арьсан дор витамин Д өөрөө нийлэгжиж бий болдог. Зурагт үзүүлсэн хүнс бол витамин Д-ээр баялаг хүнсүүд юм.