01.30

Эмэгтэйн гоёл

Монгол эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл нь олон төрөлтэй, алт, мөнгө үнэт чулуугаар урладаг нандин чамин хийцтэй. XVII-XIX зууны монгол эхнэрүүдийн толгойн боолт, хавчаар чимэглэл туйлын өвөрмөц хийгээд  Хангарьд /Домогт өгүүлдэг шувуу/-ын далавчтай адилхан хэлбэрээр гэзгээ зассан домогтой. Толгойн боолтын оройвч нь дундад эртний монгол хатдын богтаг малгайн уламжлалыг хадгалсан дээрээ жижиг дугуй тойрогтой, оройвчийг мөнгө, алтаар хийж шүр, сувд шигтгэн чимэглэсэн гоёл юм. Түүний залгаа үсний мөнгөн хавчаар байх хийгээд дээр өгүүлсэн үсний дэргэр хэлбэрийг хадгалах, чимэглэл зүүсгэлийн гоёмсог бүрдэл болно. Мөн дэрийлгэж наасан үсний дорх сул гэзгийг сүлжин хос дугтуйд хийх ба үүнийг үсний гэр ч гэдэг. Үсний гэрийг торго хамба, алт мөнгө, сувд шүрээр чимэглэж үзүүрт нь мөнгөн зүүлт унжуулна. Түүнчлэн гинжин хэлхээ бүхий олон салаатай, навч, зоос зэрэг хээ чимэгтэй сийх ээмэг, цул алт, мөнгөн бөгж, эрдэнийн чулуун болон мөнгөн бугуйвчийн аль нэгийг донж маягийг тааруулан гоёно. Ташаанаас хос мөнгөн бэл унжуулах нь хэрэглээ хийгээд гоёлын шинжээ хамтатгасан өвөрмөц сайхан гоёл болно. Зарим нутагт аяганы алчуур хэмээх олон өнгийн торгон чимгийг уужны хоёр хажуугаас зүүнэ. Мөн ёслол хүндэтгэлийн зүүсгэлд арын гуу буюу нурууны чимэг зүүлт дагалдана. 

Толгойн гоёл: Монгол эмэгтэй нөхөрт гарахдаа үсээ хоёр салаа сүлжиж нутаг нутгийн заншлаар эхнэр хүний гоёлоор гоёдог байжээ. Төв халхын эхнэрүүд үсээ дэрийлгэн дугуйлж үснийхээ дунд хэсэгт мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг. Мөн толгой дээрээ дух руу орсон үнэт чулуу шигтгэсэн мөнгөн оройвч тавьж түүн дээр малгай өмсөнө. Оройвч хэмээх толгойн боолтны орой нь онгорхой байвал харц хүнийх, битүү хорол чимэглэлтэй байвал хатан хүнийх гэж ойлгоно. Хоёр тал руугаа дэрийлгэсэн үсэндээ 6-8 мөнгөн хавчаарыг дунд нь хавчиж, туйв бүхий мөнгөн гэр рүү үсээ хийх уулзварт зууван хавчиг зүүнэ. Туйв гэдэг нь үсний үзүүрийг хавчдаг хавчаар бөгөөд энэ нь түүнийг эхнэр хүн гэдгийг илэрхийлнэ. Эмэгтэйчүүд үсний үзүүрийг ил гаргахгүйгээр туйв ба түүнээс залгаатай байх даавуу, хоргойгоор хийсэн үсний гэр бүхий уутанд хийж далдална. Толгойн боолтоос хоёр шанаа руу унжуулсан унжуурга чимгийг санчиг гэх бөгөөд 3, 5, 7, 9 салаа шүр сувдан зүүлтнээс бүрдэнэ.  

 

Дэрэвгэр үс: Халх эхнэр хүний үс нь дэрэвгэр эвэр маягтай бөгөөд үснийхээ дунд хэсэгт мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг. Хавчаар, хавчиг нь хээ угалзтайн дээр шүр хатгасан байдаг. Толгойн боолт нь бөмбөгөр дугираг хэлбэртэй.  Үүнийг мөнгө буюу алтан шармалаар үйлдэж шүр сувд шигтгэн, гоёмсог хээ угалз гаргасан байдаг. Хатан хүний толгойн боолт нь хорол оройтой, дээгүүрээ битүү байдаг. Толгойн боолтны хоёр хажуу руу унжсан хэсгийг санчиг, татуур гэнэ.

 

Дэрэвгэр үс үүссэн тухай домог: Манжийн түрэмгийллийн үед монгол эмэгтэйчүүд дэрэвгэр үс хэрэглэх болжээ. Хятадын худалдаачид монгол айлд шинэ хэрэглээ болгож тулгыг нэвтрүүлжээ. Тэрхүү тулганы үзүүр нь хэрээ шувууны хошуутай адил хэлбэртэй ажээ. Энэ нь монгол хүний гал голомт руу шувуу болон өнгийх далд санаатай гэж монголчууд нээжээ. Тэгээд тэрхүү хэрээ шувуу бүхий хятад санааг бөхөөхийн тулд эхнэрийнхээ үсийг Хангарьд шувууны далавч хэлбэртэй болгосон хэмээн ярьдаг.

Сүйх:  Эмэгтэй хүний чихэнд зүүх гоёлын зүүсгэл бөгөөд хорол, загас зэрэг хэлбэртэй байдаг. Энэ нь эмэгтэй хүний нөхөрт гарч эхнэр болсны бас нэг баталгаа ажээ.  Бөгжний тухайд алт мөнгө, гангаар хийсэн цулгуй, дундаа ховил, хонхорхой, хүрэмтэй гэх мэт олон янзын бөгжийг хэрэглэнэ. Бугуйвчийг алт, мөнгө, зэсээр хийлгэж цулгуй чигээр нь хэрэглэхээс гадна хээ угалз бүхий үнэт чулуун шигтгээгээр чимж хэрэглэдэг. Ийнхүү халх эхнэрийн гоёл чимэглэл 5-6 килограмм татдаг.

 

Баруун монгол эхнэрүүд үсээ мөн адил хоёр салаа сүлжиж хоргойгоор чимэглэсэн үсний гэр хэмээх хар хилэн уутанд хийж энгэр рүүгээ унжуулна. Үснийхээ үзүүрт “тохиг” хэмээх гоёл зүүнэ. Зүүн монголын эмэгтэйчүүд толгойн гоёлдоо ихээхэн үнэт чулуугаар чимэглэсэн хавчиг, татуурга, магнайвч зэргийг хэрэглэдэг.

Бэл: Монгол эхнэрүүдийн түгээмэл чимэглэл бол хоёр ташаанд унжуулдаг бэл хэмээх дүгэрэг хорол зүүлт болно. Халх эхнэрийн бэл нь дээрээ шүрэн голтой эргүүлэгтэй байх ба түүнээс таван өнгийн алчуур унжуулан зүүн талын бэлнээс хөөрөг, тамхины хавтага зүүнэ. Баруун талдаа “таван саваагүй” зүүнэ. Баруун нутгийн ястангууд “таван саваагүй”-д хавтага, утас зүүний хэрэгсэл, чихний ухуур, хумс цэвэрлэгч, шүдний чигчлүүрийг хэрэглэдэг бол халх эмэгтэйчүүд чихний ухуур, хэлний хусуур, хумсны хир арилгагч, хөмсөг засагч, шүдний чигчлүүрийг оролцуулдаг. Таван өнгийн алчуур нь ургахын улаан нар, баяр баясгалан, цэлмэг хөх тэнгэр, цэнгэг гол мөрөн, газар дэлхийн өнгийг бэлгэдэхийн зэрэгцээ эхнэр хүний бэлхүүсэнд буян хишиг хадгалагдаж байдгийг давхар илэрхийлдэг. Мөн тэрхүү таван алчуурыг сааль сүүнд хэрэглэх, гараа арчих, тоос арчих зэрэгт хэрэглэдэг ажээ. Бүсгүй хүний алхаа гишгээний хөдөлгөөнөөр тэрхүү таван өнгийн алчуур намилзан хөдлөх бөгөөд энэ нь эмэгтэй хүний уян зөөлөн намбалаг байдлын илэрхийлэл болно. 

Үсний гэр: Хээ бүхий хэсэг, үзүүрийн хавчиг хоёрын хооронд байх шүр буюу оюу шигтгээтэй мөнгөн чимгийг бөөрөвч буюу туйвны боолт гэдэг. Эмэгтэйчүүд үсний үзүүрийг ил гаргадаггүй бөгөөд туйв ба түүнээс залгаатай байх даавуу, хоргойгоор хийсэн үсний гэр бүхий уутанд хийж далдална.

Ээмэг бөгж: Эмэгтэй хүний чихэнд зүүх гоёлын зүүсгэлийг сүйх гэнэ. Сүйх нь хорол, загас хэлбэртэй, гол зүүлтний шүр мөнгөн унжлаганаас салаалуулан хийсэн хэрэглэл юм. Энэ нь эхнэр хүний төрийн хэрэглэл гэгдэх бөгөөд эхнэр болсны баталгаа ажээ. Бөгжийг алт мөнгө гангаар, бугуйвчийг алт мөнгө зэсээр хийнэ. Бөгж нь цулгуй, дундаа ховил, гол, хонхорхой, хүрэмтэй гэх мэт олон янз байдаг. Бугуйвч нь мөн хээ угалзтай эсвэл цулгуй, төрөл бүрийн үнэт чулуун шигтгээтэй байна.

Эх сурвалж: "Монгол хувцасны соёл" 2006 он